Хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн зөрчил гаргасан нь шалгалтаар илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗасгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд шалгалтын дүнг сэтгүүлчдэд танилцууллаа.
Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр онцлов.
Шалгалтаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасныг илрүүлжээ. Тодруулбал Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан ч зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин ихээр олгожээ. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК-тай 300 сая төгрөгөөр зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн байна. Түүнчлэн Чингис бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна.
Ажлын хэсгийн шалгалтаар гарсан зөрчлийг тоймлон хүргэе.
-Самурай бондын иенийн ханшийн алдагдал гэхэд 130 тэрбумаар хэмжигдэхээр болсон.
-Блүүмберг телевизтэй мэдээлэл сурталчилгаа хийлгэнэ гээд 1.8 сая ам долларын гэрээ хийгээд 800 мянган долларыг шилжүүлсэн байх жишээтэй.
-Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн.
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан.
-Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан.
-Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг.
- Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн
-2013 онд 233.2 сая, 2014 онд 198.5 сая, 2015 онд 27.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт тендергүйгээр хийсэн байсан.
-Төрийн байгууллагуудтай харьцуулбал бичиг хэргийн зардал нь л гэхэд дөрөв дахин их.
-Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна.
-“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан байсан.
-“Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байсан.
-Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар зарцуулжээ.
Б.Заяа