Хөнгөн атлетикийн ДАШТ-ий медалийн хүснэгтийг АНУ тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 22 /Olympics/. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Японы нийслэл Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Финландын нийслэл
Хельсинки хотноо 1983 онд болсон анхны ДАШТ-ээс хойш зохиогдсон 20 дахь
удаагийн тэмцээнд 200 багийн 2000 гаруй тамирчин 49 төрөлд 147 медалийн төлөө хурд
хүчээ сорин өрсөлджээ.
Ийнхүү АНУ-ын баг тамирчид 16 алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлсэн бол Кенийн тамирчид долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Канадын тамирчид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр удаалсан байна. Тэдний араас эхний 10-т Нидерланд, Ботсвана, Испани, Шинэ Зеланд, Швед, Португал, Ямайк улсууд жагсжээ.
Энэ удаагийн
тэмцээний үеэр дэлхийн нэг дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол тэмцээний есөн
амжилтыг шинэчилж, давтсан байна. Мөн Танзани ДАШТ-ээс түүхэндээ анх удаа
алтан медаль хүртсэн, Уругвай анхны медалиа хүртсэн зэрэг түүхэнд анхных хэмээн
бичигдэх үйл явдлууд тохиожээ.
Түүнчлэн Токиогийн
ДАШТ-ээс хамгийн олон улс орон медаль хүртсэн байна. Тодруулбал, есөн хоногийн турш
үргэлжилсэн тэмцээний үеэр 53 улс орон медаль хүртсэн нь 2007 онд Осакад болсон
тэмцээний /46 орон/ амжилтыг эвдэж, 2023 онд Будапештэд болсон
тэмцээний амжилтыг давтжээ.
Хөнгөн атлетикийн
дараагийн ДАШТ 2027 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болно.