ГОВЬ-АЛТАЙ: Говийн нүдэн булгийг хамгаалах ажил идэвхтэй хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн гурван суманд булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийжээ.
Зэрлэг амьтдын усан хангамжийн гол эх үүсвэр болсон говийн нүдэн булгуудыг хамгаалах нь өнөөдөр нэн чухал асуудал болоод байна. Энэ хүрээнд НҮБХХ, БОУАӨЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн гурван суманд булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийжээ. Тодруулбал, Чандмань суманд 6, Эрдэнэ суманд – 11, Цогт суманд 8 булгийн эх хашиж хамгаалсан байна.
Ингэснээр нийт 25 булгийн эхийг хашиж хамгаалсан бөгөөд энэ нь говийн бүсийн зэрлэг амьтдын усан хангамжийг тогтвортой байлгах, байгалийн баялгийг хамгаалах чухал ач холбогдолтой ажил болжээ.
Мөн нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжсэн энэхүү ажил нь мал сүрэг болон зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулж, унаган байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг Говь-Алтай аймгийн БОГ-аас мэдээллээ.
Говь-Алтай аймаг нь нийт 1400 гаруй булагтай. Үүнээс 200 гаруй булгийг Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн БОГ, сумын ЗДТГ, малчид, иргэдтэй хамтран ширгэсэн булгийг нөхөн сэргээсэн байна.