ЗАВХАН: Их-Уул сумын эрүүл мэндийн төвийг бүрэн засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Завханы
Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийг Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд иж бүрэн
засварлаж хүлээлгэн өгчээ.
2024 онд Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд "Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан.
Гэрээний хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн
төвийн А байрны дээвэр, гадна фасад, дотор засал, дулааны болон цэвэр бохир
усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны
системийг шинэчлэн их засварын ажил дуусаж өнгөрсөн амралтын өдөр хүлээлгэн
өгсөн байна.
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийг 712,2 сая төгрөгийн санхүүжилтээр засварлажээ.
Эрүүл мэндийн төвийг нээх үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, түүний гэргий Эико
Игавахара, Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Юко Мизуно, “Өвсний
үндэс” хөтөлбөрийн ажилтан Ё.Пужишита, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, сумын
удирдлагууд иргэд оролцоо.
Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, "Их-Уул сум 8000 орчим хүн амтай, аймгийн томоохон сумдын нэг. Тус сумын төвөөр баруун аймгуудын гол зам дайран өнгөрдөг. Сумын Эрүүл мэндийн төв нь тойргийн сумд болон хоёр аймгийн хил залгаа сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, дуудлага, ачаалал ихтэй төв юм.
Эрүүл мэндийн төв нь орчин үеийн чанарын шаардлага хангасан тохь тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой боллоо. Орон нутгийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийж дэмжлэг үзүүлсэн элчин сайд М.Игавахара болон төслийн багт талархал илэрхийлье. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр сүүлийн 20 жил Завхан аймагт 8 тэрбум төгрөгийн 24 төсөл амжилттай хэрэгжсэн байна. Түүний нэг нь энэ төсөл болж байна. Цаашид Япон улсын ЭСЯ-тай хамтран төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцоллоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос
өдийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах
буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Монгол
улсад хэрэгжүүлэх "Өвсний үндэс" буцалтгүй
тусламжийн 604 дэх, Завхан аймагт хэрэгжүүлэх 24 дэх төсөл болж байгааг Япон
улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара гэрээнд
гарын үсэг зурахдаа онцолж байлаа.
Тэрбээр, Японы ард түмний халуун сэтгэл шингэсэн төслийг чанартай, үр дүнтэй зохион байгуулан, хяналт тавьж, барилгыг ашиглалтад оруулсны дараа ариг гамтай ашиглахыг хүсэж байв.
Энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201.523 ам.доллар юм
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
Тухайн орон нутгийн иргэд үр
ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд
санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн
газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг.