Берлиний марафонд Кенийн тамирчид түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 22 /DW/. Өнгөрсөн ням гарагт болсон Берлиний 51 дэх удаагийн марафон гүйлтийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд Кенийн тамирчид тэргүүн байр эзэлжээ.
Эрэгтэйчүүдийн уралдаанд 29 настай Сабастиан Саве 2:02:15 цагийн амжилтаар түрүүлсэн байна. Түүний хувьд таван сарын өмнө болсон Лондоны марафонд мөн аваргалж байв. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Розмари Ванжиру 2:21:05
цагийн амжилтаар тэргүүн байр
эзэлсэн байна.
Хэдийгээр Берлин нь бусад тэмцээнүүдтэй харьцуулахад
хамгийн хурдан гүйх боломжтой марафон
гүйлтийн зам гэгддэг боловч энэ
удаагийн тэмцээнд түрүүлсэн хоёр
тамирчин дэлхийн дээд амжилт тогтоосон цагаас нэлээд хожуу барианд
оржээ. Тодруулбал, С.Саве 1:40 минутаар, Р.Ванжиру
11:49 минутаар тус тус хоцорсон
байна.
Үүнд энэ зуны
сүүлээр Берлин хотод Цельсийн 23-29 хэмийн халуун байснаас үүдэн ер бусын чийглэг байсан нь
нөлөөлсөн байх магадлалтай юм. С.Савегийн араас Японы тамирчин Акира Акасаки (2:06:15), Этиопын тамирчин Чимдесса Дебеле (2:06:57) нар тус тус хоёр, гуравдугаар байр эзэлжээ.
“Хэцүү
байсан хэдий ч би чадах
бүхнээ хийлээ. Өөрийн үзүүлсэн
амжилтдаа баяртай байна. Мэдээж
цаг агаарыг өөрчилж чадахгүй шүү дээ.
Миний хувьд бэлтгэл сайтай
байсан. Берлиний уур амьсгал надад таалагдлаа. Энэхүү тэмцээнд
оролцсондоо баяртай байна. Ирэх
жил дахин ирж, илүү өндөр амжилт
үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн С.Саве тэмцээний дараа Германы RTL сувагт ярилцлага өгөх үеэрээ хэллээ.
Эмэгтэйчүүдийн төрлийн хувьд, 2022 оны Берлиний марафонд хоёрдугаар байр эзэлсэн Р.Ванжиру энэ удаагийн тэмцээнд түрүүлснээр 2018 оноос хойш уг уралдаанд түрүүлсэн анхны кени эмэгтэй болжээ. Тэрбээр 40 км дээр өрсөлдөгчдөөсөө 36 секундээр түрүүлж байсан боловч гүйлтээ бага зэрэг удаашруулснаар арын тамирчдад хугацааны зөрүүг багасгах боломжийг олгосон байна. Улмаар тэрбээр Этиопын тамирчин Дера Дидагаас ердөө гуравхан секундийн өмнө барианд оржээ.
Марафон гүйлтэд
оролцогчдын тэргүүн эгнээний элит гүйгчдийн араас өөр өөр зорилго тээсэн 55 мянга гаруй
гүйгч гараанаас гарсан байна. Тэдний
зарим нь хувийн амжилтаа ахиулахыг эрмэлзэж байсан бол зарим нь барианд
орох зорилготойгоор тэмцээнд оролцжээ. Марафонд оролцсон алдартнуудын
дунд зодог тайлсан хөлбөмбөгчид болох Андре Шюррле /2014 оны ДАШТ-д түрүүлсэн Германы шигшээ багийн тоглогч) болон Феликс
Кроос /Реал Мадридын од Тони Кроосын
ах/, мөн поп од Харри Стайлс байлаа. “One Direction”
хамтлагийн гишүүн асан, өдгөө 31 настай Х.Стайлс мөн энэ оны гуравдугаар сард
болсон Токиогийн марафонд оролцсон юм.