"Лалын улс" химийн зэвсэг ашиглажээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-08 12:14:42

БАГДАД. /rt/. Иракийн хойд нутгийн Курдын Пешмерга хүчний эсрэг гичийн хордуулагч бодис агуулсан тэсрэх төхөөргийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид ашигласан байна гэж Курдын төлөөлөгч мэдэгджээ. Үүнийг 35 курд дайчинд хийсэн цусны шинжилгээгээр тогтоожээ.

Курдын нийслэл Эрбиль хотын баруун өмнөд дүүрэгт байсан 35 дайчнаас авсан цусны дээжээс “хүхэрлэг гич” илэрсэн гэж Курдын пешмерга хүчний асуудал хариуцсан яам мэдэгдсэнийг “Ройтерс” уламжилжээ.

Пешмерга нь Иракийн өөртөө засах Курдистан мужийн зэвсэгт хүчин бөгөөд мужийн Засгийн газрын бие даасан яам удирддаг байна.

1997 оны "Химийн зэвсгийг хориглох тухай конвенц"-оор хориглосон хорт бодисын улмаас цэргүүдийн шарх эдгэрэхгүй байна гэж мэдэгдэлд дурджээ.

Халдлагын үеэр 37 мина харвасан бөгөөд энэ нь дэлбэрэхдээ “цагаан утаа болон хар шингэн” ялгаруулж байсан байна.

Уг халдлагад пешмергын хэчнээн цэрэг өртсөн нь тодорхойгүй байна гэж мэдэгдэлд мөн дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ