ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-04 17:01:08

АСТАНА, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу пүрэв гарагт Казахстан улсын нийслэл Астана хотын Тусгаар тогтнолын ордны их танхимд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан эхэллээ.


Дээд хэмжээний уулзалтад Казахстан, Энэтхэг, Иран, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, Беларусь, Монгол, Азербайжан, Катар, АНЭУ, Турк, Туркменистан гэсэн 16 улсын төрийн тэргүүн нар, түүнчлэн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн Гүйцэтгэх захирал оролцож байна.


Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн Эдийн засгийн комисс, Исламын хүнсний аюулгүй байдлын байгууллагын удирдагчид оролцож байна.


Энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь анх удаагаа “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан” ба “ШХАБ+” уулзалт гэсэн хоёр хэлбэрээр явагдаж байгаа юм.


Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны явцад Астанагийн тунхаглал, 20 шийдвэр, төрийн тэргүүн нарын гурван мэдэгдлийг гаргах бөгөөд тэдгээрийн дотроос “Шударга энх тайван, нийцэл зохицол ба хөгжлийн төлөөх дэлхийн дахины нэгдмэл байдлын” тухай болон “ШХАБ”-ыг боловсронгуй болгох” Санаачилгыг дурдаж болно.


Хуралдааны явцад Бүгд Найрамдах Беларусь улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх үйл явц дууссан тухай шийдвэр гаргаж, тус улсад ШХАБ-ын гишүүний статусыг олгох ёслол болов.


ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар тус байгууллагын олон талт хамтын ажиллагаа ба цаашдын хэтийн төлөвийг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй асуудлууд, олон улсын ба бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Үдээс хойш болох “ШХАБ+” уулзалт ““Шударга энх тайван, нийцэл зохицол ба хөгжлийн төлөөх дэлхийн дахины нэгдмэл байдал” гэсэн сэдвээр явагдана.


Орон нутгийн цагаар 12 цагт Дээд хэмжээний уулзалтын дүнгийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болсны дараа “ШХАБ+” уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн нар хамтдаа гэрэл зургаа татууллаа.


Казахстан улсын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээлснээр, саммитыг үйл явцыг гадаад орнуудын  700 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд, Казахстаны 200 гаруй сэтгүүлчид сурвалжилж байна.


Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 20 цагийн үед ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.  

 

Холбоотой мэдээ