ЕВРО-2024: Бельгийн шигшээ Румыний багийг хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-23 10:23:07

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 23 /TASS/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Бельгийн шигшээ баг Румыний багийг хожлоо. 


Бямба гарагт Кёльн хотноо болсон Е хэсгийн тоглолтод бельгичүүд 2:0-ээр хожжээ. Бельгийн шигшээ багийн төвийн хагас хамгаалагч Юри Тилеман (2 дахь минут), хагас хамгаалагч Кевин Де Брюйне (80 дахь минут) нар гоолдсон байна. Хоёр дахь гоолын дамжуулалтыг Бельгийн шигшээ багийн хаалгач Кун Кастелс өгчээ. Бельгийн довтлогч Ромелу Лукаку 64 дэх минутад гоолдсон ч гоолыг офсайд хэмээн тооцоогүй байна. 


Бельгийн шигшээ баг энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд анхны хожлоо авч байна. Эхний тойрогт бельгичүүд Словакийн шигшээ багт 0:1-ээр хожигдсон юм. Румыний багийн хувьд эхний тойрогт Украины шигшээ багийг 3:0-ээр буулган авсан. Сүүлийн тойрогт Бельгийн шигшээ Украины багтай, Румыний шигшээ баг Словакийн багтай зургаадугаар сарын 26-нд тус тус тоглоно.


Е хэсгийн бүх баг гурван оноотой боллоо. Румыний баг нэгдүгээрт бичигдэж байгаа бол Бельги, Словак, Украины багууд удаалж байна. 


Холбоотой мэдээ