ХОВД: Мэлхий хад 10 гаруй метр өндөртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-18 10:27:35

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт Нарийн хаг гэх газарт 10 гаруй метр өндөртэй яст мэлхийний хэлбэр бүхий хад бий.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий мэлхий хадыг иргэд ихэд сонирхдог.

Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болох Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн маршрутыг аялагч, жуулчдад зориулан тодорхойлжээ. Үүний гуравдугаар маршрутад Мөнххайрхан сумын нутагт орших Мэлхий хад багтсан байна.


Ховд аймгийн Мөнххайрхан сум нь Улаанбаатар хотоос 1421 км, аймгийн төвөөс 155 км зайтай оршино. Газар нутгийн хувьд хойд талаараа Ховд аймгийн Дуут, зүүн хойгуураа Манхан, зүүн урдуураа Мөст, урдуураа Үенч, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай хиллэдэг. Ховд аймгийн хамгийн цөөн хүн амтай сумдын нэг бөгөөд хүн амын 98 хувь нь урианхай угсаатан юм.

Монгол Алтайн нурууны гол хэсэг болж 40-80 км өргөн, баруун хойноос зүүн урагш 200 гаруй км үргэлжлэх Мөнххайрхан уулын зүүн биеийн уулархаг нутагт оршино. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1940 метрийн өндөрт оршдог. 

Холбоотой мэдээ