К.Алькараз Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-06-10 16:39:44

ПАРИС, 2024 оны зургаадугаар сарын 10 /CBS/. Испанийн теннисчин Карлос Алькараз Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын финалд Александр Зверевийг буулган авснаар Их дуулгын гурван төрөлд аваргалсан хамгийн залуу тамирчин боллоо.


Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй К.Алькараз финалын тоглолтод дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй герман теннисчин А.Зверевийг 6-3, 2-6, 5-7, 6-1, 6-2-ын харьцаагаар хожжээ. Тоглолт дөрвөн цаг 19 минутын турш үргэлжилсэн байна.


Нутаг нэгт, алдарт теннисчин Рафаэль Надалийг Их дуулгын цомыг өргөж буйг харж өссөн 21 настай К.Алькараз өдгөө Р.Надалийг ардаа орхиж, гурван төрөлд аваргын цом хүртсэн хамгийн залуу теннисчин болж байна. “Ролан Гаррос”-т хамгийн олон буюу 14 удаа түрүүлсэн Р.Надаль уг амжилтад хүрэхдээ түүнээс 1.5 насаар ах байжээ.


Өдгөө 27 настай А.Зверевийн хувьд 2020 онд АНУ-ын нээлттэй тэмцээний дэд байрт, 2021-2023 онд Парисын тэмцээний хагас шигшээд шалгарч байлаа. 


Түүнчлэн Рафаэль Надаль, Новак Жокович, Рожер Федерер нарын хэн нь ч 2004 оноос хойш “Ролан Гаррос”-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шувтаргын тоглолтод шалгараагүй анхны тохиолдол энэ болжээ. Р.Надалийн хувьд хоёр долоо хоногийн өмнө эхний тойрогт А.Зверевт хожигдсон бол гурван удаагийн аварга Н.Жокович шөвгийн наймд тоглохоосоо өмнө өвдгөө бэртээж, мэс засал хийлгэх шаардлагатай болсон юм. Харин Р.Федерер зодог тайлсан билээ.

Холбоотой мэдээ