Кувейтийн иргэнийг “Твиттер” сүлжээгээр Америкийн шүүхэд дууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2016-10-07 15:26:26

ВАШИНГТОН./TASS/. Кувейтийн шашны зүтгэлтэн Хажаж бен Фахд аль-Ажми "Твиттер" нийгмийн сүлжээгээр Америкийн шүүхэд дуудагдсан анхны хүн боллоо.

Ойрхи Дорнод дахь террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлсэн гэх хэрэгт холбогдсон Кувейтийн энэ иргэний хэргийг Калифорни муж улсын холбооны шүүгч Лорель Билер хариуцаж байгаа аж. Ирак болон Сирид террористуудын халдлагын золиос болсон Ассирийн христийн шашинтнууд АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргаж, аль-Ажмигаас нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа юм. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгч Билер хэлэхдээ, аль-Ажмиг шүүхэд ердийн аргаар дуудан ирүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдээд,  Кувейтийн энэ иргэн Твиттер сүлжээний идэвхтэй хэрэглэгч учраас түүнд мессеж илгээх нь зүйтэй гэж үзсэн байна.  

Америкийн шүүгчид өмнө нь нийгмийн сүлжээ ашиглан сэжигтнүүдийг шүүхэд дуудаж байжээ. Жишээ нь, 2014 онд Нью-Йоркийн Холбооны шүүх Туркийн иргэний Фейсбүүк болон LinkedIn сүлжээгээр зарлан дуудах хуудас илгээж байсан гэнэ.

Түүнээс гадна, Виржиниа муж улсын шүүгчид Энэтхэгийн 5 иргэнийг шүүхэд дуудаж байжээ.  

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ