ОРХОН: Бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид тогтвортой бизнесийг дэмжих сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/ Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөр нь “Эдийн
засгийн ногоон шилжилт” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Ази, Ойрх Дорнод, Номхон далайн бүс нутагт тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг
дэмжих, Европын улс орнуудын нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог
эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.
Үүний хүрээнд, Монгол Улсын нийслэл, зарим
аймгийн бизнес эрхлэгчдэд зориулж тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг
бүрдүүлэхэд чиглэсэн “Хурдасгуур хөтөлбөр”-ийн сургалтыг жижиг, бичил, дунд үйлдвэрлэл эрхлэгчлэд
зориулж Хөгжлийн шийдэл ТББ, “Пипл ин
Нийд” ТББ -аас зохион байгууллаа.
Сургалтыг Улаанбаатар, Орхон, Дархан-Уул, Булган,
Сэлэнгэ аймагт 13 удаа зохион байгуулж, 590 гаруй бизнес эрхлэгчийг хамруулжээ.
Орхон аймаг дахь сургалт нь энэ сарын 27,28-нд болж байна.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь
Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг,
дунд үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачдыг үйл ажиллагаагаа илүү тогтвортой, байгаль
орчинд ээлтэй болгон өөрчлөхөд нь техникийн туслалцаа үзүүлэхээс
гадна байгаль орчны тэмдгийг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд
хамрагдах, тойрог эдийн засагт шилжихэд нь туслах зорилготой юм.
“Пипл ин Нийд” ТББ-ын төслийн менежер Н.Энхцацрал хэлэхдээ, “Манай байгууллага
нь ногоон хөгжил, тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, хүлэмжийн хийн ялгарлыг
бууруулах зорилготой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгийн нэг нь “Эдийн засгийн
ногоон шилжилт” төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлсэнээр хүнс, ус ундааны салбарын
БЖДҮ, худалдаа эрхлэгчид болон эцсийн хэрэглэгчид үйл ажиллагаандаа байгаль
орчинд илүү ээлтэй хандлага, зан дадлуулыг нэвтрүүлэх, нутагшуулахад дэмжлэг үзүүлэх
бөгөөд улмаар Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн
алхмуудыг шат дараатай авч хэрэгжүүлэх юм” гэлээ.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн хүнс, ус, ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1500 бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, бизнесийн 30 холбоо, 750 жижиглэн худалдаа эрхлэгчдийг зах зээлд суурилсан тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.