Уулархаг нутгаараа цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-06 18:30:56

Өмнөговь аймгийн ихэнх нутгаар өнөөдөр хур тундастай байгаа бөгөөд уулархаг газраар цас орж байна.

Ийнхүү намар орой бороо цас их хэмжээгээр ороход ирэх хавар нь малд илүү таатай байдаг гэж малчид хэлж байна. Дулааны улирал цаашилж хүйтний улирал ирж байгаа энэ үед тус аймгийн ихэнх нутгаар сөлтэй байгаа юм. Таана ногооноороо хөлдсөн жил хавар эрт мал ногоо иддэг гэж өндөр настангууд туршлагаасаа хуваалцаж байна. Одоогоор ууландаа цас ихээр орж байгаа нь эрт хүйтэрч магадгүй юм.

Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар өнөө шөнөдөө ихэнх нутгаар, маргааш өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно гэлээ. Мөн хүйтэрч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан байх ажээ. Харин аймгийн төв Даланзадгад сумын орчмоор шөнөдөө хур тунадас, цас орж, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна гэж анхааруулсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ