ХОВД: Хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-30 16:42:20

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой" сэдэвт тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилго бүхий тус тэмцээнд Жаргалант сумын найман цэцэрлэг, Булган сумаас нэг цэцэрлэг гээд нийт 9 багийн 90 гаруй хүүхэд багш, эцэг, эх, асран хамгаалагчийн хамт оролцлоо.

Оролцогчид гэрийн даалгавар, мэндчилгээ, буухиа тэмцээн гэх мэт үзүүлбэрээр өрсөлдөж, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшилд иргэдийг уриалав. 

Энэ удаагийн тэмцээнд Жаргалант сумын дөрөвдүгээр цэцэрлэг болон 10, 13, 16 дугаар цэцэрлэгийн баг тэргүүлжээ. Эдгээр шилдэг оролцогчийн шагнал, гарын бэлгийг Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх, Цагдаагийн газрын дарга Г.Цоодол тэргүүтэй албаны төлөөлөл гардуулан өгч, баяр хүргэсэн юм. 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг,  Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар,  Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо зэрэг байгууллага хамтран ажиллалаа.

Тэмцээний хамрах хүрээ өмнөх жилүүдээс өргөжиж, багш, хүүхэд, эцэг, эхийн оролцоо нэмэгдсэн гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.


Мөн цэцэрлэгүүд долоо хоногийн хугацаанд тус тэмцээнд бэлтгэж, хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцоход анхаарах зүйлс, холбогдох дүрмийг заасан ба цэцэрлэгийн орчинд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг түгээж, тэмдэг тэмдэглэгээ хийх замаар хүүхдэд ээлтэй байдлыг бүрдүүлэхэд анхаарч ажиллажээ. 

 




Холбоотой мэдээ