ГОВЬ-АЛТАЙ: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3374-д хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-25 14:57:06

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2024 оны гуравдугаар сарын байдлаар 3374 байгаагийн 1701 нь эрэгтэй, 1673 нь эмэгтэйчүүд байна. 


Тэднийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 438, 25-34 насны 1047, 35-44 насны 950, 45-54 насны 655, 55-59 насны 171, 60-аас дээш насны 113 иргэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2024 онд шинээр бүртгүүлсэн иргэдээс 140 нь, бүртгэлтэй ажилгүй иргэдээс 135 нь ажилд зуучлуулан орсон тухай Говь-Алтай аймгийн Статистикийн газраас танилцууллаа.  


Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Говь-Алтай аймгийн ХХҮГ-т 48 аж ахуйн нэгж, албан байгууллагын 246 сул ажлын байрны захиалга байгаа бөгөөд 46,6 хувь нь уул уурхайн салбарын компаниудын захиалга байгаа юм.


2023 онд Говь-Алтай аймгийн хэмжээнд 1372 шинэ ажлын байр бий болж, 824 иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд хамруулжээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт 1156 иргэнийг хамруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1,6 тэрбум төгрөг зарцууллаа. 2024 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн үйл ажиллагаа өрнүүлнэ. Тодруулбал, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгч, 25-аас дээш насны хөдөлмөрийн насны иргэдэд 10 хүртэлх сая төгрөгийг 36 сарын хугацаатай хүүгүй олгоно хэмээн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ