Бразилын хөлбөмбөгийн холбоог 20 мянган доллароор торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-05 11:40:33

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Дэлхийн хөлбөмбөгийн спортын удирдах дээд байгууллага болох ФИФА Бразилын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид зүй бус үйлдэл гаргасны учир тус улсын Хөлбөмбөгийн холбоог 20 мянган доллароор торгожээ.

Дэлхийн цомын тэмцээний урьдчилсан шатны тэмцээний үеэр Бразилын фенүүд Колумбын тоглогчид руу “bicha” гэдэг гомо залуусыг хочилдог үгийг хэрэглэн хашгиралдаж, зүй бус үйлдэл гаргажээ. Уг тоглолт өнгөрсөн сард Манаус хотод болсон бөгөөд Бразилын баг 2:1 харьцаагаар ялсан байна.

Үүний зэрэгцээ Гондурас, Эль Сальвадор, Мексик, Канад, Чили, Бразил, Аргентин, Парагвай, Перу, Итали, Албани зэрэг орны хөлбөмбөгийн фенүүд зүй бус үйлдэл гаргасан учир эдгээр орны хөлбөмбөгийн холбоог мөн адил торгожээ.

Чилид болсон тоглолтын үеэр дахин зөрчил гарсан тул Чили-Венесуэлийн тоглолтыг гуравдугаар сарын 28-нд Чилийн талбайд үзэгчидгүйгээр зохион байгуулахаар болсон байна.

Харин Гондурасын Хөлбөмбөгийн холбоо хоёр том зөрчил гаргасны улмаас хамгийн их буюу 65 мянган долларын торгууль хүлээжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ