Х.Клинтон: Нисгэгчгүй аппарат ашиглан Ассанжийг устга гэж хэлснээ санахгүй байна

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-05 11:21:55

ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон хэлэхдээ “Викиликс" цахим хуудсыг үндэслэгч Ж.Ассанжийг нисгэгчгүй онгоц ашиглан устга гэж хэлснээ огт санахгүй байна, би тийм зүйл яриагүй” гэжээ.

“Хэрвээ хэлсэн бол энэ нь тоглоом шоглоомоор хэлсэн байх учиртай. Гэтэл тоглоом шоглоомоор ч ингэж хэлснээ би санахгүй байна” гэж тэрбээр truepandit.com цахим хуудасны нийтлэлийн хариуд хэлсэн байна.

Уг нийтлэлд бичсэнийг үзвэл, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон өөрийн туслахуудыг цуглуулан, Ассанжийн нийтлэлийн улмаас Америкт учирч болох хохирлыг аль болох бага байлгах талаар ярилцаж байжээ. Энэ үед Хиллари гэнэт “энэ залууг нисгэгчгүй аппарат ашиглан устгаж болохгүй гэж үү? “ гэсэн байна. Туслахууд нь үүнийг сонсонгуут жуумалзсан боловч Клинтон нэлээд нухацтай төрх гарган ярьж байсан тул тэр даруй чимээгүй болцгоожээ.

Дашрамд дурдахад, Викиликс-ийн 10 жилийн ойг тохиолдуулан Ж.Ассанж Берлин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “11 дүгээр сарын 8-нд болох сонгуулиас өмнө хатагтай Клинтон сонгуулийн кампанит ажлаа зогсоохоос аргагүйд хүрэхээр тийм ноцтой мэдээллүүдийг тараана” гэж сүрдүүлсэн аж.  Үүний хариуд Клинтон “энэ залуу юуны тухай яриад байгааг огт ойлгохгүй байна” гэжээ.

Сануулан дурдахад, энэ оны 7 дугаар сард АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хорооны компьютерт хакерууд халдан, намын аппаратынхны хоорондоо солилцож байсан цахим захидлуудыг хулгайлж, улмаар "Викиликс"-т нийтэлсэн билээ. Эдгээр захидалд, Үндэсний хорооны төлөөлөгчид Клинтоны нам доторх өрсөлдөгч болох Берни Сандерсийг “хорлох” замаар Хиллариг дэмжих талаар саналаа солилцсон байжээ. Энэ дуулианаас болж Үндэсний хорооны дарга Дебби Вассерман-Шульц болон намын аппаратын дөрвөн ажилтан огцорсон юм.

Б.Адъяахүү

 

 

 

 

Холбоотой мэдээ