Инфляци 2016 оны дунд үе хүртэл бага зэрэг өснө хэмээн төсөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-07 18:08:50

Монголбанкнаас инфляци 2015 оны сүүлээс 2016 оны дунд үе хүртэл бага зэрэг өсч, үүнээс хойш тогтвортой  байх төлөвтэй хэмээн мэдэгдлээ.

Үүнийг тайлбарлахдаа урьдчилан тооцох боломжгүй төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсний зарим барааны нийлүүлэлт буурахаар байгаагаас өмнөх төсөөлөлтэй харьцуулахад инфляци 2015 оны сүүлийн хагас, 2016 онд өснө хэмээн төсөөлжээ. Тодруулбал хүнсний инфляцийн өсөлтөөр 2015 оны сүүлийн хагаст бага зэрэг өсөхөөр байгаа аж. Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан газар тариалангийн ургац хураалт муудах хүлээлтээс үүдэн гурил, хүнсний ногооны үнэ нэмэгдэж хүнсний инфляцийг оны сүүлийн хагаст өсгөх нөлөөг үзүүлэхээр байна. Харин дэлхийн зах зээл дээрх хүнсний барааны үнэ буурахаар байгаа, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нөлөөгөөр хот суурин газрын махны нийлүүлэлт нэмэгдсэнээс махны үнийн өсөлт буурахаар байгаа нь хүнсний инфляцийг 2015 онд бууруулах нөлөөг үзүүлнэ гэж үзжээ. Түүнчлэн төрийн их дээд сургуулийн төлбөр энэ онд өмнө нь төсөөлж байснаас 2 дахин их буюу 30 орчим хувиар нэмэгдэж, хүнсний бус инфляцийг өмнөх төсөөллөөс өсгөх шалтгаан болжээ. Гэсэн  ч 2015 онд хүнсний бус инфляцийн буурах хандлага хэвээр байна.  Харин инфляцийн төсөөлөл 2016 онд хүнсний инфляци суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг өсөх бол хүнсний бус инфляци үргэлжлэн буурах төлөвтэй байна. Төсөөлөл хийж буй хугацаанд хөрөнгө оруулалтын бууралтаас шалтгаалан ажилгүйдлын түвшин алгуур нэмэгдэх, цалингийн өсөлт нэмэгдэхээргүй байгааг тодотгожээ. Эдгээрийн дүнд дотоодод хөдөлмөрийн зардал нэмэгдэхгүй, хүнсний бус инфляци үргэлжлэн саарч,  инфляцийн дарамт одоогийн хүлээлтээс нэмэгдэхгүй тохиолдолд инфляцийн түвшин 2015 оны сүүлийн хагаст зорилтот түвшинтэй нийцтэй байна хэмээн дүгнэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд