AT&T компанийн олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-31 10:04:17

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 31 /CNN/. Америкийн үүрэн холбооны AT&T компани 73 сая үйлчлүүлэгчийнх нь хувийн мэдээлэл алдагдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Үүнд одоогийн болон хуучин хэрэглэгчдийн мэдээлэл багтаж байгаа юм. 


Бямба гаргийн өглөө гаргасан компанийн мэдэгдэлд дурдсанаар, уг мэдээлэл нь ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө дарквеб дээр цацагдсаны дотор хэрэглэгчдийн нийгмийн даатгалын дугаар зэрэг мэдээлэл байжээ.


"Мэдээллүүд AT&T компаниас эсвэл түүний борлуулагчдаас алдагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Манай системд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээлэл алдагдсан гэдгийг нотлох баримт байхгүй" гэж тус компани мэдэгджээ.


Уг мэдээлэл нь 2019 эсвэл түүнээс өмнөх үеийнх бололтой. AT&T-ийн мэдээлснээр, одоогийн 7.6 сая хэрэглэгч, өмнөх 65.4 сая хэрэглэгчийн мэдээлэл дарквеб-д цацагдсан бөгөөд тэдгээрийн дотор санхүүгийн мэдээлэл, утасны дуудлагын бүртгэл зэрэг мэдээллүүд байгаагүй ажээ.


AT&T компани хэрэглэгчидтэйгээ холбоо барьж, нууц кодоо шинэчлэхийг хүссэн байна. Мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар тус компанид хоёр долоо хоног орчмын өмнө анхааруулж байжээ. Энэ тухай X нийгмийн сүлжээний "vx-underground" хаягаар гуравдугаар сарын 17-нд анх нийтэлсэн байна. 


Тухайн үед AT&T-ийн зүгээс CNN-д мэдээлэл өгөхдөө "Манай системүүд доголдсон шинж тэмдэг илрээгүй. Уг цахим сүлжээн дээр гарсан мэдээлэл нь манай системээс алдагдаагүй гэдгийг бид 2021 онд тогтоосон. Өнөөдөр ярианы сэдэв болоод буй буй мэдээллүүд нь уг сүлжээн дээр хэд хэдэн удаа гарсан мэдээлэл хэмээн бид үзэж байна" гэж байв.

Холбоотой мэдээ