“Оппенхеймер”-ийн найруулагч К.Нолан-ыг хөлөг баатраар өргөмжилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-29 17:35:13

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 29 /Reuters/. “Оппенхеймер” түүхэн драмын киногоороо “Оскар”-ын шагнал хүртээд удаагүй байгаа Британи-Америк гаралтай найруулагч Кристофер Нолан кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсныхаа төлөө Их Британийн хөлөг баатрын /рыцарь/ цол хэргэмийг хүртэхээр болжээ. 


Түүний эхнэр, кино продюсер Эмма Томас мөн хөлөг баатрын цолтой дүйцэхүйц одон хүртэх болно гэж Их Британийн Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ. Ерөнхий сайд Риши Сунакийн санал болгосон шагнал гардуулах хүмүүсийн жагсаалтад консерватив үзэлт улс төрчид, технологийн салбарын удирдагчид мөн багтсан байна.


Атомын бөмбөгийг бүтээж байх үеийн үйл явдлыг өгүүлэх “Оппенхеймер” кино энэ сарын эхээр болсон “Оскар”-ын наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг долоон шагнал хүртсэн билээ. Өмнө нь К.Нолан мөн “Interstellar”, “Inception”, “Dunkerk”, “Batman” зэрэг олны таашаалд нийцсэн олон бүтээлүүдийг найруулж байв.


Түүнээс гадна “Google”-ийн “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабист хөлөг баатрын цол хүртээхээр болжээ. Хиймэл оюун ухааны салбарын төлөөллүүд дотроос Их Британийн Засгийн газрын хиймэл оюун ухааны зөвлөх Мэттью Клиффорд, Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал, бизнес эрхлэгч Иан Хогарт нар Британийн эзэнт гүрний одон хүртэх ажээ.


Мөн тэрбумтан бизнес эрхлэгч, Консерватив намын томоохон хандивлагч Мохамед Мансурт бизнес, буяны үйлс, улс төрийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн хөлөг баатрын цолыг олгохоор шийдвэрлэжээ. Мөн “Нетфликс” компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандост Британийн эзэнт гүрний одон хүртээлээ.



Холбоотой мэдээ