БАЯНХОНГОР: Байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, заавар зөвлөмж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-25 15:44:17
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цахим хөгжлийн өдөрлөгийг “Цахимд хэвшье” уриатайгаар Баянхонгор хотноо зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг оролцож байна. Ажлын багийнхан аймгийн ЗДТГ-ын удирдлага, төр, хувийн хэвшлийн байгууллагын менежер, албан хаагчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээллийг хийж байна.

Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй ажил, технологийн боломжийн талаар сургалт зохион байгууллаа.

Цахим хөгжлийн өдөрлөгт оролцогч байгууллагууд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, олон нийтэд бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж, төр хувийн хэвшлийн 23 байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, заавар, зөвлөмж өгч байна.

Баянхонгор аймаг 90 мянга орчим хүн амтай. 20 сумын 105 багийн 88 багийг 3G, 4G сүлжээнд холбосон. Төрийн үйчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д төрийн 12 байгууллагын 31 үйлчилгээг холбож, төрийн цахим үйлчилгээний Хурдан төвөөр дамжуулан 26 мянга гаруй үйлчилгээг иргэнд үзүүлж, ERP системээр төрийн 192 байгууллагын 4482 албан хаагч албан бичиг солилцон, цаасан хэрэглээний зардлыг багасгажээ.




Холбоотой мэдээ