Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-03-19 14:00:43

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд "Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн А байрны дээвэр, гадна фасад, дотор засал, дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны системийг шинэчлэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлэх Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 604 дэх, Завхан аймагт хэрэгжүүлэх 24 дэх төсөл болж байгааг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара онцолж байлаа. 

Тэрбээр, Японы ард түмний халуун сэтгэл шингэсэн төслийг чанартай, үр дүнтэй зохион байгуулан, хяналт тавьж, барилгыг ашиглалтад оруулсны дараа ариг гамтай ашиглахыг хүсэв. 


Энэ удаагийн батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201.523 ам.доллар юм.


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг.




Холбоотой мэдээ