ӨВӨРХАНГАЙ: Голын мөс цөмрөх, шар усны үерт автахаас болгоомжлохыг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-19 09:23:22

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг даргаар ахлуулсан ажлын баг Дэлгэрэх гол дагуух халиа, дошин үүсэн газруудад хяналт тавилаа.


Сумын төв дундуур урсдаг Дэлгэрэх гол өвөл орсон цасны улмаас эргээ хүртэл дүүрсэн бөгөөд цаг агаар дулаарсны улмаас голын урсац нэмэгдэн халиа дошин үүсэж, ойролцоох айл өрхүүд рүү хальж орж байгаа юм. Тиймээс 55 метр газарт шороон даланг өндөрлөх ажлыг хийж, зарим айл өрхүүдэд кадастрын зургийн дагуу хашаагаа татах шаардлагыг хүргүүлээд байна.



Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар дулаарч, томоохон гол, нууруудад харз, халиа, тошин гүйж мөс хэврэгшиж байна. Иймд мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Мөн уулархаг нутгаар орсон цас, мөс хайлж, шар усны болон уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул айл өрхүүд хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ