М.Төмөрбарс: Медальоныг хамгийн хүндтэй хүндээ, гар барихдаа алгандаа нууж өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-17 14:42:12

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Мото буудлагын батальоны Миномётын батарейны сургагч, ахлагч М.Төмөрбарсын медальон цуглуулгаар зочиллоо.


-Танд зэвсэгт хүчний 103 жилийн ойн мэнд хүргэе?

-Баярлалаа. 1921 оны 3 дугаар сарын 18-нд Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн энэ өдрийг Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэн өдөр гэж үздэг. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан миний цуглуулгаар зочилж байгаад баярлалаа.


-Таны цуглуулгад хэчнээн медальон байна?

-Цуглуулж эхлээд 18 жил болжээ. Энэ хугацаанд 100 давсан медальон, 60 орчим тэмдэг, 20-иод анги байгууллагын читон цуглуулаад байна. Медальон, читоноос гадна цэргийн аливаа үйл явдал, түүхтэй холбоотой, өвөрмөц содон санагдсан зүйлсийг би цуглуулгадаа нэмэх дуртай.



-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан гэсэн. Хаана, хэдэн удаа цэргийн ажиллагаанд оролцож байв?

-Афганистан улсад дөрвөн удаа, Өмнөд Суданд нэг удаа үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед дүрэмт хувцсандаа зүүж байсан логонууд, шагнуулсан туузнууд, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа олон улсын цэргүүдтэй солилцсон логонууд маань ч миний цуглуулгын нэг хэсэг. Мөн саяхан Г.Жуковын ялалтын одонг захиалж авчруулсан. Жинхэнэ одон нь очир шигтгээтэй байдаг. Би өөр энгийн шигтгээгээр орлуулж хийлгээд цуглуулгадаа нэмсэн.



-Читон, медальоны ялгаа нь юу вэ?

-Тухайн анги байгууллагын таних тэмдгийг читон гэдэг. Харин цэргийн өндөр дээд цолтнууд өөртөө хувийн медальон хийлгэж, хүндэтгэлийн ёслол, уулзалтад авч очиж, хамгийн хүндтэй хүндээ өгдөг ёстой. Тухайн хүнтэй гар барихдаа алгандаа нууж байгаад дамжуулж өгдөг өвөрмөц соёлтой. Авсан хүн нь ч бусдад мэдэгддэггүй. Тухайн хүн өөрийг нь онцолж өгч байгааг ингэж хүндэтгэдэг гэж хэлж болно. Хувь хүний медальоныг дэлгүүрт худалддаггүй учир маш үнэ цэнтэй дурсгал болдог.


-Цэргийнхэн медальоноо дурсгах нь хэзээнээс тогтсон соёл вэ? Энэ дагуу өөрт чинь дурсгасан медальонууд хэчнээн байна?

-Надад Монгол Улсын 12 генерал, ХБНГУ, АНУ зэрэг гадаад орны 15, гадаадын цэргийн цолтнуудын 15 медальон байна. Медальоны түүхийн хувьд бүр эртнийх гэвэл Грек, Ромын үеийн шилдэг цэргүүдэд дурсгалын зоос өгдөг байснаас үүссэн гэж үздэг. Дэлхийн 1, 2 дугаар дайны үед “Challenge coin” гэх бөөрөнхий жижиг медальоныг АНУ-ын цэргийнхэн өөрийн анги байгууллагын таних тэмдэг болгон ашигладаг байж. Сүүлд үүнийгээ хүндтэй, эрхэм хүмүүстээ дурсгаж эхэлсэн байдаг. Олон улсын цэргийн байгууллагаар дамжиж медальоны соёл дэлгэрсэн.




-Та цуглуулга дахь медальонуудаасаа онцолж сонирхуулах уу?

-ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба саяхан Дорнод аймагт ажиллахдаа миний цуглуулгатай танилцаж өөрийнхөө медальоныг дурсгасан. Мөн энд манай Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ц.Цогтжаргалын медальон байна. АНУ-ын Финикс баазын ахлагч, бригадын генералын гардуулсан медальон, Мормал баазын ахлагчийн медальон, Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн медальон, олон улсын цэргийн алба хаагчдын “Хааны эрэлд” хамтарсан сургалт, Орос-Монголын цэргийн алба хаагчдын “Сэлэнгэ” хээрийн сургууль, “Аравт” цэргийн уралдааных, АНУ-тай хамтран зохион байгуулсан “Зэв” цэргийн сургалтынх, энхийг сахиулах ажиллагаанд оролцож, яг газар оронд нь өөрийн биеэр үүрэг гүйцэтгэж байхдаа олж авсан, нутаг нутаг руугаа буцахдаа дурсгал болгон солилцсон эвслийн цэргүүдийнх гэхчлэн олон медальон бий. Медальон бүр өөр өөрийн гэсэн түүх, дурсамжтай.


-Хүчний байгууллагуудад ажилладаг хүмүүс голдуу ийм цуглуулгатай байх. Ер нь манай улсад медальон цуглуулагчид олон уу?

-Тийм шүү. Цэргийнхэн голдуу цуглуулдаг. 100 гаруй цуглуулагч байгаа гэж барагцаалж байна.


-Энэ тусгайлан жаазалж тавьсан таван хошуутай, дээр үеийн гэмээр одон ямар учир холбогдолтой эд вэ?

-Энэ бол ЗХУ-ын баатрын таван хошуу яг эхээрээ байна. Чамд байвал илүү үнэ цэнтэй байх гээд надад хүн өгсөн юм.



-Одоо цуглуулгадаа нэмчих юмсан гэж бодож байгаа ямар зүйл байна? Дорнодод тантай төстэй цуглуулгатай хүн өөр бий юу?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын цэргийн, Агаарын цэргийн, Тусгай хүчин, Кибер аюулгүй байдлын, Барилга инженерийн гэсэн таван командлалтай. Энэ бүх командлалын медальонуудаар цуглуулгаа баяжуулчих юм сан гэдэг бодолтой явдаг даа. Зав чөлөөгөөрөө одоо энэ байгаа цуглуулгаа жаазалж, цэгцлэх ажилтай байна. Дорнодод яг надтай ижил төстэй цуглуулгатай хүн одоогоор байхгүй.


-Цуглуулга нь улам арвижихыг ерөөе. Танд баярлалаа.  

Холбоотой мэдээ