Хүний хөгжлийн индексээр Швейцар тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-15 15:03:55

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 15 /UN/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /НҮБХХ/ хүний хөгжлийн индексийн шинэ тайланг танилцууллаа. Уг индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог.


Дэлхийн 193 улс орон, нутаг дэвсгэрээс Швейцар улс хүний хөгжлийн индексээр дахин тэргүүлсэн бол Норвеги, Исланд, Хонконг, Дани, Швед удаалсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгос 19, АНУ 20, Япон 24, Орос 56, Хятад 75 дугаар байрт тус тус бичигджээМонгол Улс 96 дугаар жагссан байна. 


Дэлхийн хүний хөгжлийн индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаа хэдий ч коронавирусний цар тахлын үеэс хойш хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгаа улам бүр нэмэгдсээр байгааг тайланд онцолжээ.


НҮБХХ-ийн мэдээлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/-ын 38 гишүүн орон бүгд 2019 оны түвшнээсээ ахисан бол хөгжиж буй 18 улс цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байна.


Түүнчлэн Афганистан 10 жилийн өмнөх түвшинд, Украин 20 орчим жилийн өмнөх түвшинд хүрч буурсныг онцолжээ. Үүнтэй холбогдуулан өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлыг арилгахыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Ахим Штайнер олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

Холбоотой мэдээ