СҮХБААТАР: Хувь хүний хөгжил, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэхэд онцгой анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт болж байна. Зөвлөгөөнөөр өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн мөн сумд болон албад агентлагийн дарга нар аймгийн Засаг даргатай 2024 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ байгуулах юм.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцогчдод 2023 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, аймгийн нийт малын хорогдол нэг саяыг давж, Сүхбаатар аймаг 2 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар сургалтын эхэнд онцлов.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн авто машинуудыг шинэчилсэн нь зудын нөхцөл байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байлаа. Өнгөрсөн онд нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний үр дүнгийн хамгийн том жишээ бол ЭЕШ-ын
оноогоор түүхэндээ анх удаа улсад
тэргүүлсэн амжилтыг тодотгов. Энэ жил ч мөн адил боловсрол, эрүүл мэндийн зэрэг томоохон салбаруудад хөрөнгө оруулалтыг хийхээс гадна хувь хүний хөгжил, төрийн албан
хаагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэхэд
онцгой анхаарч ажиллахаар төлөвлөснөө танилцуулав.
Ээлжит зөвлөгөөн, сургалтад УИХ-ын
гишүүд, аймгийн удирдлагууд, агентлаг албадын дарга
нар, 13
сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, төсвийн мэргэжилтнүүд зэрэг
130 орчим
хүн оролцож байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, зудын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн болон сэтгэл заслын үйлчилгээг орон нутагт ажиллуулах, гурилын үнийг бууруулах,
малчны зээл, зээлийн хүүг царцаах цаашлаад тэглэх асуудлыг УИХ, Засгийн газарт санал оруулах, малгүй болсон иргэдээ малжуулах бодлогыг үе шаттай, зудын хохирлын үр дагаврыг арилтал тууштай арга хэмжээ авахаа илэрхийллээ.
Харин
УИХ-ын гишүүн Н.Ганибал малын сэг зэмийн устгалыг орон нутагт зохион байгуулахад холбогдох газруудтай хамтран ажиллана гэдгийг онцоллоо.