Арьс ширний 50 гаруй хувийг гүн боловсруулж экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-14 15:06:22

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Малын арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдүүлнэ.


Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм.


Санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж буй байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломжтой болно. Хотын хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр тус санамж бичгийг байгуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд нийслэлийн тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах аж.

Холбоотой мэдээ