“Мэтью” хар салхи Кубын эрэгт дөхөн ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-10-02 18:13:21

ГАВАНА./Prensa Latina/. Асар хүчтэй “Мэтью” гэдэг хар салхи Кубын эрэгт ойртон ирж байгаатай холбогдуулан тус улсын төвийн мужуудад онцгой байдлын арга хэмжээнүүд авч, сэрэмжлүүлэх дохио өгч байна.

Хар салхи мягмар болон лхагва гарагуудад Куба болон Багамын арлуудыг дайран өнгөрөх төлөвтэй байгаа юм.

Өнөө өглөө үүрээс эхлэн Камагуэй, Лас-Тунас, Гранма, Ольгин, Сантьяго-де-Куба, Гуантанамо, Сьенфуэгос, Вилья-Клара, Санкти-Спиритус болон Сьего-де-Авила мужуудад онцгой байдлын арга хэмжээ авч эхэлжээ.

Кубын Цаг уурыг тандах төвийн мэдээлснээр, “Мэтью” нь Саффир-Симпсоны шатлалаар 4 дүгээр зэрэглэлд ордог, 230 км/цагийн хурдтай маш хүчтэй хар салхи аж.

Түүнээс гадна, АНУ-ын Майами хотод испани хэлээр гардаг "El Nuevo Herald" сонинд мэдээлснийг үзвэл, Кубын нутаг дэвсгэр дэх Америкийн тэнгисийн цэргийн хүчний Гуантанамо баазаас цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд болох 700 хүн болон баазын энгийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тус баазад нийт 5500 хүн ажилладаг аж.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ