Таеквондогийн тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-13 10:34:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тай Ан хотод “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ.


Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд оролцохоор Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг болон паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид хүлгийн жолоо залжээ. “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Учрал, 67 кг-д Г.Энхчимэг, эрэгтэйчүүдийн 58 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат нар тулалдах юм.


Тэгвэл паралимпын эрхийн төлөө 58 кг-ын жинд Х.Темирбек, 70 кг-д Б.Шинэбаяр нар эх орноо төлөөлөх аж. Манай тамирчид олимп, паралимпын эрхийн тэмцээнээс өмнө Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд нэгдсэн бэлтгэлд хамрагджээ.


Сонирхуулахад, гурав хоногийн өмнө манай өсвөрийн тамирчид Хонконгт болсон Азийн цомын 28 дахь удаагийн тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн билээ. 







Холбоотой мэдээ