ӨВӨРХАНГАЙ: "Өв-Од" цех оргил ачаалалтай үедээ сард 2500 кг ааруул үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-09 11:16:37

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Өв-Од ааруулын цех өнгөрсөн зун нутгийн малчдаас 5000 литр ямааны сүү худалдан авч боловсруулан, 500 кг ааруул, 100 кг ээзгий, 750 орчим тогооны өрөм худалдаанд гаргасан байна. Мөн 43 мянган кг аарц худалдан авч, 13450 кг ааруул үйлдвэрлэжээ.


Үйлдвэрийг үүсгэн байгуулагч П.Одонтуяа 2009 оноос анх үйл ажиллагаагаа эхлүүлж, сарлагийн сүүгээр зөвхөн хорхой ааруул хийж эхэлсэн бол өдгөө төрөл бүрийн хэвтэй ааруул, шимийн архи, шар тос, өрөм, ээзгий зэрэг 18 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн таван төрлийн идээг багтаасан бэлгийн багцыг худалдаанд гаргаснаар аймгийнхаа нэрийг гаргасан брэнд бүтээгдэхүүн болж чадсан юм.



Тэрбээр хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд өөрийн сурч мэдсэн зүйлээ ээжийнхээ зааж өвлүүлсэн туршлагатай хослуулан гэр бүлийнхээ хамтын хүчээр цагаан идээний томоохон үйлдвэрлэлийг бий болгожээ.

2023 онд “Билэгт арвин од” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлтэй зээлд хамрагдсанаар эргэлтийн хөрөнгөтэй болж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлээд байна.


“Цагаан идээний үйлдвэрлэл нь улирлын чанартай байдаг. Өвөл, хаврын улиралд үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд зун, намрын цагт түүхий эдээ сайн нөөцөлж авдаг. Үүний тулд хөрөнгө мөнгө, агуулах байр сав их хэрэгтэй болдог. УИХ-аас баталсан 36 дугаар тогтоол үйлдвэрлэгч бидэнд маш өгөөжтэй, үр дүнтэй байлаа. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээл авах боломж олдож, үйлдвэрийн төхөөрөмжөө сайжруулж авсан” хэмээн П.Одонтуяа хэлж байлаа.



Одоогоор сард 1500 кг ааруул үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Оргил ачаалалтай үед буюу энэ жил сар шинийн баярын өмнө 2000-2500 кг ааруул үйлдвэрлэжээ. Ойролцоох сумдын малчдаас сүү, аарц зэрэг түүхий эдээ тогтмол авч, кластер хэлбэрээр хөгжиж байгаа гэнэ.

"Өв-Од" цех нь зургаан хүнийг ажлын байраар хангаж, өөрийн аймагтаа болон Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мэргэжлийн байгууллагын лабораторид улирал тутам бүтээгдэхүүнээ шинжлүүлж, хүнсний чанар стандарт, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллахаас гадна хуванцар савыг халж, хүнсний зориулалтын ган сав, модон хөөрцгийг захиалгаар хийж байна.



"Өв-Од" цехийн хамт олон улс, аймгийн хэмжээний томоохон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, “Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн”, “Чанарын шилдэг бүтээгдэхүүн”, “Стандартын шаардлага хангасан сав суулга хэрэглэдэг байгууллага” зэргээр шалгарч, зорилтот жилийн хүрээнд зарласан болзолт уралдаанд хоёрдугаар байрт оржээ. Цаашид үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангахуйц ажлын байртай болох шаардлагатай байгаа, энэ асуудлыг зорилго болгоод биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна гэлээ.





















 

 

 

Холбоотой мэдээ