БАЯНХОНГОР: Баянлиг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-06 11:10:42

Баянхонгор, 2024 оны гуравдугаар 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт энэ сарын 5-ны 20.48 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар зүйн байршил нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн зүгт 12 км, Баянговь сумын төвөөс зүүн урд зүгт 51 км, Богд сумын төвөөс урд зүгт 74 км-т бөгөөд газар хөдлөлтийн үеэр ямар нэгэн хохирол учраагүй байна.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг. Энэ бүсэд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Аймгийн хэмжээнд ашиглаж байгаа нийт 412 барилга байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын тоо 19 байгаа гэж дүгнэсэн байдаг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус аймгийн 412 барилгаас газар хөдлөлтөд бага эрсдэлтэй 287, дунд эрсдэлтэй 159, их эрсдэлтэй 19 барилга байна гэж дүгнэлт гарчээ.


Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ