БАЯНХОНГОР: Сурагчид усны нөөц, зохистой ашиглалт хамгааллын талаар мэдлэгтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-06 10:51:55

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Цэнхэр тууз" аянд Баянхонгор аймгийн төвийн Эрдэм ахлах сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагдаж, дэлхийн усны өдрийн ач холбогдол, усны нөөц, зохистой ашиглалт хамгааллын талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо.

Усны газраас санаачлан гол мөрөн булаг шандаа монгол түмний дээд бэлгэдэл цэнхэр хадгаар төлөөлүүлж, гол мөрөн өнө мөнхөд урсахын бэлгэдэл болгон "Цэнхэр тууз" аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд долоо хоног бүр ерөнхий боловсролын аль нэг сургуульд холбогдох мэргэжилтнүүд очиж усны мөн чанар, ирээдүй хойчийнхоо төлөө усаа хамгаалах, хайрлах тухай яриа хийж санал бодлоо солилцож байгаа юм. Хүүхдүүд усны тухай зөв мэдлэг мэдээлэлтэй болсноор нийтээрээ зөв хандлага, зөв бодлоготой болохыг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Үйл ажиллагааны хүрээнд ЕБС, МСҮТ-ийн суралцагч, СӨБ-ын хүүхэд багачууд, арга зүйч нарт чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бичигддэг ч урсгал ус хуримтуулах, нөөцлөн ашиглах нь бага, улсын хилээр урсан гардгаас усны нөөц бага орны тоонд багтдаг байна.


Баянхонгор аймгийн хэмжээнд уст цэгийн тоо бүртгэл мэдээллээр гол 306, булаг 1449, нуур 105, гүн өрмийн худаг 641, энгийн уурхайн худаг 3151, цооног 164, хөв, цөөрөм 8, услалтын систем 12 байна.


Сонирхуулахад, Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ