Монголын боловсролын үндэсний чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-04 11:25:42

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024" үндэсний чуулган Соёлын төв өргөөнд өнөөдөр эхэллээ.


Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй төлөв байдлын улмаас дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд 21 дүгээр зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж байна. 


“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганы хүрээнд 

-Сургалтын хөтөлбөр 

-Боловсролын удирдлага, зохион байгуулалт 

-Боловсролын үнэлгээ, мониторинг 

-Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн 

-Хүний нөөц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг хэлэлцэж байна.  


Чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “2023 онд батлагдсан боловсролын хууль, эрх зүйн шинэчлэл нь үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу “Дэлхийн Монгол Хүн”-ийг суралцахуйн 4 тулгуур хүрээнд хөгжүүлж, төлөвшүүлэх зорилготой.


Тиймээс энэ зорилгод хүрэхийн тулд бид:


1. Хүн бүрд сурч, боловсрох эрх, тэгш боломжийг олгох илүү тэгш, илүү хүмүүнлэг боловсрол

2. Хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах-Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль


3. Хүүхэд, залуучуудад хэт их хичээл, академик агуулга заадаг биш бие даан суралцах боломжийг олгох-Шалгалтад биш амьдралд бэлтгэх, ахиц, амжилт бүрийг урамшуулах


4. Багшийн хөгжлөөс хүний хөгжил, боловсролын чанарт хүргэх-Сайн багшид сайн санхүүжилт


5. Байгууллагыг, барилгыг биш сурагчийн амжилт, багшийн хөгжлийг санхүүжүүлэх үр дүн гүйцэтгэлд суурилсан санхүүжилт


6. Хаана амьдарч, суралцаж байгаагаас үл шалтгаалан хөгжих боломж олгох-Цахим боловсрол шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд байна” гэв.


Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, 21 дүгээр зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлтөд бид бэлэн үү? Сургууль, багш энэ өөрчлөлтөд бэлэн үү? Энэ өөрчлөлтөд дасан зохицсон монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариулт боловсролын хувирган өөрчлөлтийн суурь юм. Үүнийг хамтдаа хэлэлцэн, зөвшилцөж тунхаглах нь энэ чуулганы үр дүн байх юм.


Холбоотой мэдээ