БАЯН-ӨЛГИЙ: Бага Харгайтын хүн чулууг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-01 15:41:15

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс баруун урагш 11 км зайд орших Бага Харгайтын хүн чулууг Засгийн газрын өнгөрсөн сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар улсын хамгаалалтын зэрэглэлд байх "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэлээ.


Судлаачдын өгсөн мэдээллээр тус хүн чулуу нь цаг хугацааны хувьд манай эриний VIII-IX зуун буюу Уйгарын үеийн түүх соёлын дурсгалд хамаардаг. Хөшөөг ягаавтар саарал элсэн чулуугаар хийсэн аж.


Толгой нүцгэн, шулуун урт хамар, хөмсөг тодорхойгүй, хамрын зураасыг хоёр нүднээс нь шууд үргэлжлүүлжээ. Амыг хонхорхой зураасаар, хоёр чихийг тал цагариг хэлбэрээр тус тус товойлгон дүрсэлсэн байна.


Хоёр гараа гэдэсний харалдаа авч, цүлхэн бөөртэй шулуун амсар, ёроолтой ваарыг барихдаа баруун гараар ваарын амсраас, зүүн гараар их биеийн хэсгийг биедээ шахаж барьжээ. Хоёр гарын хажуу талын гадарга хэлтрэн унасан ба хувцас, зэр зэвсэг бусад зүйлийг дүрслээгүй аж.


Өмнө нь аймгийн хамгаалалтад байсан тус дурсгалыг улсын хамгаалалтад авснаар эх төрх, бүрэн бүтэн байдлыг нь хадгалж хамгаалах, үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна. 

Холбоотой мэдээ