Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалт удирдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-02-29 14:52:15

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GMO интернэт групп хамтран зохион байгуулж буй “Кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг дадлагажуулах” сургалт өнөөдөр боллоо.


Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, Монголд 7 хоногт дунджаар 767008652 IP хаягт зөрчил илэрч бүртгэгддэг байна. Үүний 71 хувь нь хортой код, 20 хувь нь системд хайлт, 4,4 хувь нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2,1 хувь нь нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж байгаа аж. Мөн “Кибер аюулгүй байдлыг хангахад хүн, процесс, технологи гурвын харилцан хамаарал нэн чухал. УИХ, Засгийн газар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалт, технологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэж байгаа ч хүний нөөцийг бэлтгэх нэн чухал сорилттой тулгарч байна” хэмээн онцолсон юм.


Энэ удаагийн сургалтыг GMO интернэт группийн багш нар удирдаж, япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын эрсдэл, веб системийн үндсэн тохиргоо, тохируулгын алдаатай холбоотой болон эмзэг байдлын эсрэг халдлагын ойлголт сэдвээр онол, дадлага хосолсон байдлаар сургалт явуулсан байна.


Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам өнгөрсөн онд Жайка байгууллагатай хамтран 6 удаагийн сургалтыг явуулж, 300-гаад албан хаагчийг хамруулсан байна. Жайка байгууллагатай хамтран зохион байгуулж буй цуврал сургалт нь кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх олон талт ажлын нэг хэсэг юм.





Холбоотой мэдээ