ББСБ-уудын цэвэр ашиг 119.2 тэрбум төгрөгөөр өссөн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-02-15 17:53:44

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 529 ББСБ үйл ажиллагаа явуулж байна.  

Энэ нь 2022 оныхоос 16 буюу 3.1 хувиар өссөн тоо үзүүлэлт аж. Эдгээрээс 95 нь хөдөө орон нутагт ажилладаг. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 24 ББСБ байна. Мөн таван ББСБ олон нийтэд хувьцаагаа санал болгожээ.


Банкны  салбартай харьцуулсан ерөнхий  үзүүлэлтүүд /тэрбум төгрөгөөр/ 

Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 онд шинээр 32 хуулийн этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.


Мөн 16 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 33 ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлж, 24 ББСБ-ын үйл ажиллагааг сэргээжээ. ББСБ-уудын 55 нь онлайнаар зээл олгож байна.


ББСБ-уудын нийт актив 2022 оныхоос 32.5 хувиар өсөж, банкны салбарын 8.2 хувьд хүрчээ. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ банкны салбарын 90.хувьтай тэнцэж 2022 оныхтой харьцуулахад 11.4 пунктээр өссөн дүн гарчээ. Тус салбарын нийт хөрөнгө 2022 оныхоос 1.1 их наяд төгрөгөөр 2023 онд өсөж 4.7 их наяд төгрөгт хүрсэн байна.


Мөн ББСБ-уудын орлого 295.9 тэрбум төгрөгөөр, зардал 176.7 тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг 119.2 тэрбум төгрөгөөр өсжээ.


Хувьцаа эзэмшигчид болон ажилчид Статистик мэдээлэл /5 жилээр/

Банк бус санхүүгийн 529 байгууллагын хувьцааг давхардсан тоогоор 30419 иргэн эзэмшиж байгаа юм байна. Нийт хувьцаа эзэмшигчдийн 96.6 хувь буюу 29379 нь олон нийтэд хувьцаагаа санал болгосон ББСБ-уудынх ажээ. Харин 1040 буюу 3.4 хувь нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийнх байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн 2718 буюу 8.9 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудынх байна. Харин 211 буюу 0.7хувь нь хөдөө орон нутгийн ББСБ-уудынх гэнэ. 


ББСБ-ын мэдээлэл

Харин 446 салбар нэгж, 11 төлөөлөгчийн газар, 5009 ажилтантайгаар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гэхдээ 2023 онд харилцагчдын тоо буурсан байх юм. Харин зээлдэгчдийн тоо 2022 оныхоос 34.8 хувиар өсөж 1600427-д хүрсэн байна. Нийт зээлдэгчдийн 89.1хувь буюу 1425756 нь санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашиглаж /финтек/, онлайн зээлийн үйлчилгээ нэвтрүүлж буй ББСБ-уудынх байна.


Харилцагч, зээлдэгчдийн мэдээлэл

ББСБ 9 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг. Тэдний 90.4 хувь нь буюу 478 ББСБ зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнээс 54.6 хувь нь буюу 289 ББСБ дагнан эрхэлдэг. Харин гадаад валютын арилжааны чиглэлээр 158 ББСБ ажилладаг байх юм. Зээлийн үйл ажиллагаа дагнан эрхэлдэг ББСБ-ын тоо 2022 оныхоос 5.9 хувиар буурчээ. Бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэгч ББСБ-уудын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, итгэлцэл болон гадаад валютын арилжааны үйлчилгээг 18 ББСБ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйлчилгээг 12 ББСБ, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 9 ББСБ нэмж авсан байна.


Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 669 дүгээр тогтоолоор нэр бүхий 39 ББСБ-ын хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай зөвшөөрлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.


Түүнээс гадна 2023 оны жилийн эцсийн байдлаар 26 ББСБ тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон тухай өөрчлөлтөө улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлсэн байна. Тайлан мэдээг ирүүлбэл зохих 529 ББСБ-аас 516 ББСБ улирлын тайлан мэдээ ирүүлснийг холбогдох журмын дагуу хянаж, тайлангийн нэгтгэлд хамруулсан тухай Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-уудын 2023 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулгад дурджээ.




Холбоотой мэдээ