ЗАВХАН: Арктикийн бүсээс ирж Хомын талд өвөлждөг шувууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-15 14:21:11

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд Арктикийн бүсийн шувууд ирж өвөлждөг.


Тухайлбал, дөлөн цэгцүүхэй нь Арктикийн бүс болон Сибирээс ирж Монголд мод буттай голын хөндий, уулын амаар нутаглана. Өвлийн улиралд Хомын талд сүрэглэн өвөлждөг.


Тахийн уугуул нутаг Хомын тал нь Монгол орны “Олон улсын шувуудад чухал нэр бүхий 70 газар” (IBA)-ын нэг бөгөөд 140 гаруй зүйл шувуу энд бүртгэгдсэн байна.


Хомын талд сүрэглэн өвөлждөг дөлөн цэгцүүхэй, Кэрдуэлис Пламиэ, урьд Улаан толгойт бужирга гэж байсан.

Энэ нь Бужиргынхан овгийн шувуу юм. Европ, Азид тархан нутаглана. Биеийн урт 13.5-14 см ба нас бие гүйцсэн эрэгчин нь толгойн орой болон цээж хэсэгт улаан өдтэй. Эмэгчин, залуу шувууны цээж хэсэг нь цайвар өнгөтэй байна. Дөлөн цэгцүүхэй нь ургамлын үр, жимс болон шавжаар хооллодог.


Ургамал, шарилжнаас харшлах байтугай үр нахиаг нь амтархан зооглодог дөлөн цэгцүүхэйн магнай дээрх улаан толбо, шовх шар хошууг ялгаж харваас түүнийг төвөггүй танина. Өдрийн цагт идэвхтэй хооллох үеэрээ хоолойн дахь нэмэлт уутанд зарим хүнсээ нөөцөлж, шөнийн хүйтэнд нөмөр бараадан амрахдаа өнөөхөө хэвж хонодог гэнэ.


Хомын тал нь байгалийн өвөрмөц олон янз байдлыг цогцлоосон, РАМСАР-ын конвенцод бүртгэсэн нүүдлийн шувуудын хэд хэдэн чухал тархац нутаг бүхий газар юм.


Хомын талын өмнөд хэсэгт орших Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын (IBA дугаар: MN016, MN017) жагсаалтад бүртгэгдсэн аж.


Хомын талд өдгөө реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог тухай "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ