Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр мэдээлэхдээ, "Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотой өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй. Мөн дэлхийн дулааралтай холбоотой өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрэх үзэгдэл ажиглагдаж байна.
Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал их юм. Өнгөрсөн оны 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цас тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цас тогтоод байна. Үүнтэй холбоотой гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй. Энэ сарын 15, 16-нд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгууд буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ны өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна" гэв.
Мөн тэрбээр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхаарууллаа.