Р.Дутерте: Филиппин-Америкийн энэ удаагийн цэргийн сургуулилт хамгийн сүүлчийнх байх болно

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-09-29 13:00:57

МАНИЛА. /VOA/. Ирэх долоо хоногт эхлэх Филиппин-АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт  нь хоёр улсын хувьд хамгийн сүүлчийн сургуулилт байх болно гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэллээ.

“Филиппиний аюулгүй байдлын талаарх гэрээ хэлэлцээрүүдийг бид хүндэтгэх болно. Гэхдээ АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй маргаанд оролцохоос зайлсхийхийн тулд Өмнөд Хятадын тэнгист АНУ-тай хамтран эргүүл хийх ажиллагаанд манай тал оролцохгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-Филиппиний цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 4-нд эхлэх юм. Уг сургуулилт 9 өдөр үргэлжлэх бөгөөд Филиппиний хамгийн том арал болох Лусоны хойд хэсэгт болох ажээ.

" Америкчууд болон тэдний эргэн тойронд байдаг хүмүүст хандаж хэлэхэд, 1950-иад оны эхээр байгуулсан АНУ, Филиппиний гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас бид цэргийн холбоогоо хадгална. Гэхдээ би худалдааны шинэ холбоо байгуулна. Мөн бид цэргийн сургуулилт хийхээр товлосон нь Хятад улсад таалагдахгүй байгаа. Тиймээс энэ удаагийн цэргийн сургуулилт нь АНУ болон Филиппиний хувьд хамгийн сүүлчийн цэргийн сургуулилт байх болно гэдгийг хэлмээр байна” гэж Филиппиний Ерөнхийлөгч ярьжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ