Аймагтаа төдийгүй улсад чанараараа өрсөлдөхүйц арьсан гутал үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 12:30:33

Хан Хэнтий нутгийн ажилсаг, бүтээлч залуус нэгдэн “TAS SHOES” гутлын үйлдвэр байгуулан цоо шинэ өнгө төрх, хэлбэр загвартай, хийц чанартай гутлыг үйлдвэрлэн хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр байна.

Аймаг, бүсийн чанартай үзэсгэлэн худалдаанаас удаа дараа “Шилдэг бүтээгдэхүүн”-ий шагнал, “Хэнтий намрын баяр-2016” арга хэмжээний “Шилдгийн шилдэг арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” өргөмжлөлт тус хамт олон 2016 оны 4-р сард “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий ОНХХ-өөс өөрсөддөө хэрэгтэй, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өдгөө “TAS SHOES” гутлын үйлдвэр нь Хэнтий аймагтаа төдийгүй бусад аймгуудад эрэлттэй, чанартай, цэвэр арьсан эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн, хавар, намар, өвлийн гутлыг тухайн хүний сонирхсон хэлбэр хийц, өнгө, сэтгэл ханамжинд нийцүүлэн захиалгаар хийж үйлчилж байна.

Материалаа Улаанбаатар хотоос татан авч гутлаа үйлдвэрлэдэг бөгөөд үнийн хувьд түрийтэй гутал 139-149.000 төгрөг, ботинк 89-99.000 төгрөг, хүүхдийн гутал 35-65.000 төгрөгийн ханштай гардаг байна.

Тус гутлын үйлдвэрийн Загвар зохион бүтээгчээр Ө.Ууганбаяр, Оёдолчиноор МСҮТ-ийн төгсөгч Г.Ганчулуун, Эсгүүрчинээр Б.Бат-Эрдэнэ, Татлага, улалгаачнаар Д.Мөнхтөр нарын Хэнтий нутгийн залуус ажиллаж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

 

Холбоотой мэдээ