“Amnesty International”: Нигерид эсэргүүцлийн дуу хоолойг нухчин дарж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-29 11:55:26

ЛАГОС. /AP/. Нигери улсын эрх баригчид сэтгүүлчид болон жагсагчдыг баривчилж, айлган сүрдүүлэх замаар эсэргүүцлийн дуу хоолойг  нухчин дарахыг оролдсоор байна гэж “Amnesty International” байгууллага мэдэгдлээ.

Лондонд төвтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг тус байгууллага тайван жагсаалыг цагдаа нар тарааж байгааг буруушаажээ. Жагсагчдын Засгийн газарт тавьж буй шаардлагууд гэвэл, барьцаанд байгаа Чибок хотын дунд сургуулийн 200 гаруй сурагч охидыг суллах, мөн зүүн өмнөд нутгийн Биафра бүс нутгийг бие даасан улс болгохын төлөө тэмцсэнийхээ төлөө удаан хугацаанд хоригдож буй шиит шашинтнуудын удирдагчид болон салан тусгаарлагчдыг суллах зэрэг юм. 

Лхагва гарагт нийтлэгдсэн “Amnesty International” байгууллагын мэдэгдэлд, аюулаас хамгаалах хүчнийхэн Биафрагийн тусгаар тогтнолыг дэмжигчдийг хулгайлж, мөн алж хөнөөж буй тохиолдлуудыг баримтжуулсан гэж дурджээ.

Мөн тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухаригийн засгийн газрын албан тушаалтнуудыг шүүмжилсэн хэд хэдэн сэтгүүлчийг шоронд хорьсон болохыг дурдсан байна.

Иймэрхүү айлган сүрдүүлэх ажиллагаа нь засгийн газрыг эсэргүүцэгчдийн "амыг барих" гэсэн Нигерийн эрх баригчдын ичгүүргүй оролдлого мөн гэж “Amnesty International" зэмлэн буруушаажээ. Шүүх таслан ажиллагаа явуулалгүйгээр хэн нэгнийг баривчлан хорьж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа явдлыг таслан зогсоохыг тус байгууллага Нигерийн засгийн газарт уриалжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ