ЗАВХАН: Тэс сумын Дооно багаас улсын аварга хоёр малчин тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-06 16:52:45

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тэс сумаас энэ жил хоёр улсын аварга малчин тодорч шагналаа гардан авлаа.


1934 онд “Мэргэн сайд” Агданбуугийн Амарын санаачилгаар улсын хэмжээний бүх аймаг, сумдын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөгөөнийг анхлан хуралдуулж, “БНМАУ-ын сайн малчин” цол олгох шийдвэрийг гаргасан байдаг.


Улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг биелүүлсэн малчдад 1942 онд дээрх цолыг олгоход, Завхан аймгаас улсын сайн малчин 28, аймгийн сайн малчин 46 төрөн гарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Энэ жил Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн малчин Б.Хосбаяр, П.Дамдинбазар нар улсын аварга малчин болсноор тус багаас 34 жилийн дараа улсын аварга малчид тодорлоо.




Улсын аварга малчдын шагналыг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, сумын удирдлагууд гардуулан өглөө.


Улсын аварга малчин Б.Хосбаяр, гэргий Э.Дашням нар 30 шахам жил мал маллаж байгаа бөгөөд 2017 оноос 2021 он хүртэл сумын сайн малчин, аймгийн аварга малчин, мянгат, мянгат ямаачин, хоёр мянгат малчнаар тодорч байсан хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


“Улсын аварга малчин Б.Хосбаяр, гэргий Э.Дашням нар сумынхаа малгүй өрхүүдийг малжуулах, залуу малчдад мал маллах арга ухаанаасаа зааж, зөвлөхөөс гадна сумын нийгмийн салбарт олон бүтээлч үйлсийг дэмжиж оролцдог.



Ялангуяа бэлчээрийг зохистой ашиглах, өнжөөх, малын тэжээл тариалах, цөөн малаас өндөр ашиг шимийг авах, орон нутгийн иргэдийг сүү цагаан идээгээр хангах. Бэлчээрийг хашиж хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, голын ай савыг хамгаалах чиглэлээр малчдаа манлайлан санаачилгатай ажилладаг малчид юм.

Тэд өдгөө өөрийн хоёр хүүдээ мал маллах арга ухаан, туршлагыг өвлүүлэхээр зааж, сургаж байгаа удам дамжсан малчид юм".


"Улсын аварга малчин П.Дамдинбазар, гэргий У.Жүгдэржав нар 30 гаруй жил малаа дөрвөн төрөл дээр нь өсгөж, орон нутгийнхаа залуу малчдыг мал маллах арга ухаанд сургахаас гадна малгүй өрхүүдийг малжуулж байна.


Эднийх малынхаа сүү, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах. Бэлчээрийг сэлгэх, хамгаалахад сум орон нутагтаа үлгэр дуурайл үзүүлдэг байгаль орчноо хамгаалдаг малчид.


Мөн малынхаа чанарт голчлон анхаардаг бөгөөд жил бүр малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, зуны сүүл сар, намрын эхэн сард малын тарга хүч, эрүүл мэндэд нь анхаарч, отор нүүдлийг эрт хийх арга туршлагатай юм" хэмээн Тэс сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ