Цахимаар мөр гаргах зүгээ мэдэж, жилийнхээ заслыг уншуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сар шинэ гарахын өмнөх долоо хоногоос эхлэн шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг иргэд чухалчилдаг. Тиймээс XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн Цагаан сарын засал номоо хийлгэх иргэдийн хөлд Гандантэгчэнлин хийд дарагдаад эхэлжээ. Гэхдээ сүүлийн үед иргэд цахимаар хурал даган баясах иргэд мөн ихссэнийг тус хийдээс мэдээлж байна.
Цахим засал хийлгэхдээ Gandan.mn сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн заслын ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлсний дараагаар захиалга нь баталгаажсаныг бүртгүүлсэн хаягаар нь мэдээлдэг байна. Мөн номыг уншсан даруйд иргэнд мэдээлэл илгээдэг аж.
Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буянд даган баясвал цаглашгүй их буян хурна гэж бэлгэшээдэг билээ. Тиймээс сүсэгтэн олон жилийнхээ заслыг цахимаар уншуулах, биечлэн хуралд даган баясахад ялгаагүй буян хурааж, сэтгэл засна. Хэрэв шинийн 15-ны дотор амжихгүй бол хаврын эхэн сардаа багтаан засал номоо хийлгэж болохыг зурхайч нар зөвлөж байна.
Үүнээс гадна, Гандантэгчэнлин хийдийн цахим хуудас руу орж мөр гаргах зүгийн мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжтой.
Жилийн засал гэдэг нь шинжлэх ухааны ойлголт. Таван махбод буюу гал, шороо, төмөр, ус, модын хоорондын шүтэн барилдлагаас үүсэж байгаа зүйл юм. Жишээлбэл, жил орох гэдэг ойлголт бий. Тиймээс нийт луу жилтнүүд жилийн засал хийлгэвэл зохилтой бөгөөд мөн тухайн жилд аваар осолгүй, хар, цагаан хэл ам, атаа, жөтөөгүй, өвчин зовлонгүй байхын тухайд “Суудлын гүм” гэдэг заслыг хийлгэх хэрэгтэй аж. Энэ номыг мөн цахимаар уншуулах боломжтой юм байна.