2.4 сая ам метр талбай цэвэрлэж, 3725 тонн цас, мөс ачжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг “Нэг хот нэг гэр бүл” уриан дор зохион байгуулж, дүүргүүдийн хэмжээнд аян зарласан билээ. Уг аяны хүрээнд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2.4 сая ам метр талбай цэвэрлэж, 3725 тонн цас, мөс ачсан байна. Зам, талбайн цэвэрлэгээний ажилд 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байгааг Улаанбаатар хотын захирагч Ц.Төрхүү ярилаа. Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1100 тонн давс, 2300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа аж.
Тэрбээр ярихдаа “Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна” гэлээ.
Мөн тэрбээр нийслэлийн 26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87090, гэрэлтүүлгийн шон 75486, удирдлагын шит 1208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгааг онцоллоо.
Дашрамд дурдахад,
нийслэлийн цас, мөс цэвэрлэх аянд бөхийн Увсын “Увс нуур”, Ховдын “Ховд”, Хөвсгөлийн
“Хөвсгөлийн хүчтэн”, Архангайн “Бөх Билэгт”, Булганы “Булган Хангай”
дэвжээнийхэн нэгдэж, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн явган хүний замыг
цэвэрлэсэн байна. Түүнчлэн Орхон аймгийн өсвөрийн бөхчүүд, Хөвсгөлд амьдардаг
бөхчүүд Мөрөн сумынхаа цас, мөсийг цэвэрлэх ажилд оролцжээ.