БАЯНХОНГОР: “Цагаан сар" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас “Цагаан сар" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд, хүн олноор цугладаг Баруун бүс худалдааны төв, Есөн-Эрдэнэ захаар үйлчлүүлж байгаа иргэд, олон нийтэд баяр, амралтын өдрүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч, нийт 850 иргэнд тараах хуудас хүргэжээ.
Мөн “What3words" буюу "3 үгт хаяг", байршил тогтоох гар утасны аппликейшныг хэрхэн өөрийн гар утсан дээрээ суулгаж ашиглах талаар заавар зөвлөмжийг 300 шахам иргэнд өгч, гар утсанд нь суулгасан байна.
Гамшгаас хамгаалах ажилд 3 үгт хаягийн системийг нэвтрүүлснээр аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олох боломж бүрджээ. Хэзээ эсвэл хаана яаралтай тусламж хэрэг болохыг урьдчилан мэдэх боломжгүй учир аюул осол тохиолдоход яг хаана байгаагаа илэрхийлж чадахгүй байх нь хүнд байдалд оруулдаг. Тийм учраас иргэдийг гэнэтийн шаардлагатай нөхцөлд тодорхой хаягаа хуваалцахад бэлэн байлгах үүднээс 3 үгт хаягийн үнэ төлбөргүй апп-г татсан байх нь олон талын ашиг тустайг албаныхан хэлж байна. Ашиглахад маш хялбар бөгөөд мессеж байдлаар ч 3 үгт хаягаа хуваалцах боломжтой учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд ч технологиор дамжуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдгийг мөн онцлов.
3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан байдаг. Жишээлбэл ///наадамч.номын.азтаны гэх мэт. Тус системд 3 үгт хаягийг 45 орны хэлээр ашигладаг тул Монгол Улсад зорчиж яваа гадаадын жуулчид ч хаяг байршлаа төвөггүй илэрхийлэх боломжтой юм.
Онцгой байдлын газарт мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан 3 үгт хаягийн апп-г ашиглан хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломж бүрдэнэ. Энэхүү апп-г гар утасны төрлөөс хамааран Playstore болон Appstore-оос татаж суулгах боломжтой ажээ.