Ш.Пересийн дурсгалыг хүндэтгэн Б.Нетаньяху үг хэллээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-09-29 07:52:41

ИЕРУСАЛИМ. /ВВС/. Израилийн Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Шимон Перес таалал төгссөнд эмгэнэн гашуудаж байгаагаа тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху илэрхийллээ.

Тэрбээр өчигдөр болсон засгийн газрын тусгай хуралдааны үеэр талийгаач Ш.Перест хүндэтгэл үзүүлэн үг хэлжээ.

Израиль улсын аюулгүй байдлыг хангахад асар их хувь нэмэр оруулсан гэж Ш.Пересийг Б.Нетаньяху өндрөөр үнэлээд “Ерөнхийлөгч Ш.Перес бол энх тайванч бодлогыг хэрэгжүүлж, энх тайвны төлөө өөрийн эрч хүч, ухамсарт амьдралаа зориулсан хүн” гэжээ.

Б.Нетаньяху хэлэхдээ "олон жилийн хугацаа орж магадгүй боловч итгэл найдвараа алдалгүйгээр хөршүүдтэйгээ эвлэрэх, энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй" гэж Ш.Перес байнга зөвлөдөг байсныг дурслаа.

Ш.Перес лхагва гарагт Тель-Авив хотын эмнэлэгт нас барсан тухай түүний ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Тэрбээр есдүгээр сарын 13-нд цус харваснаасаа хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Ш.Пересийн шарилыг пүрэв гарагт буюу өнөөдөр Иерусалим хот дахь парламентын ордонд олон нийтэд харуулахаар төлөвлөж байна. Баасан гарагт болох түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолд дэлхийн улс орнуудын удирдагчид, тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцоно.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ