“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг угтан “Сайхан шинэлээрэй” үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг Хан-Уул дүүргийн Юник төвд зохион байгуулж байна.
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, чанар, стандартыг сайжруулах, борлуулалтыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.