Боршоо дахь даатгалын компанийн үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-28 12:30:39

Увс аймгийн Давст сумын нутаг дахь Боршоо боомтод үйл ажиллагаагаа явуулж байсан “Си эн эн икс” даатгалын компанийн үйл ажиллагаа явуулах гурвалсан гэрээний хүчинтэй хугацаа дуусч, шаардлагатай бичиг баримтууд нь байхгүй учир аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байна.

   Тус даатгалын компани нь өнгөрсөн оны 6-р сарын 8-аас энэ жилийн 6-р сарын 8 хүртэл жилийн хугацаатай эрх авч, ОХУ-аас нэвтэрч байгаа автомашинаас даатгал авахаар гэрээ байгуулан ажиллажээ. Гэвч тус компанийн Увс аймаг дахь төлөөлөгч Б.Болормаа нь гэрээний хугацаа дууссан ч гэсэн ОХУ-аас зорчиж байгаа автомашинуудаас даатгал авсаар байжээ. Хамгийн ноцтой нь ОХУ-аас өдөрт хэчнээн машин орж ирдэг, тэдгээрээс хэчнээн төгрөгийн татвар авдаг, тэр мөнгөө хаана тушаадаг, улсад хэчнээн төгрөгийн татвар төлдөг талаар ямар ч баримт мэдээлэл, бүртгэл байхгүй байжээ. Иймээс зөрчлөө арилгах хүртэл тодорхойгүй хугацаагаар тус даатгалын компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.

   ОХУ-аас орж ирж байгаа иргэдийн зүгээс энэ асуудалтай холбогдуулан аймгийн ЗДТГ-т удаа дараа гомдол гаргасан бөгөөд хэрвээ байдал хэвээр үргэлжилвэл ОХУ-ын талд ч гэсэн даатгалын төлөөлөгч ажиллуулна гэжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ