Үе үеийн Хөдөлмөрийн баатрууд чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-01-19 18:16:08

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатруудыг хүндэтгэн алдаршуулдаг "Сайн байцгаана уу? Баатрууд аа" уламжлалт уулзалт цэнгүүн өнөөдөр боллоо.


Хөдөлмөрийн баатруудыг урьж оролцуулдаг энэ уулзалтыг Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо, ТВ9 телевиз анх санаачлан эхлүүлсэн бөгөөд “Женко” групп 11 дэх жилдээ хамтран зохион байгуулсан юм. Уулзалт цэнгүүний зорилго нь мал аж ахуй, аж үйлдвэр, шинжлэх ухаан, урлаг, спорт гээд бүхий л салбараас төрөн гарсан үе үеийн Хөдөлмөрийн баатруудын үйлс бүтээлийг бахархан дурсах, тэднийг залуу хойч үеийнхэнд алдаршуулж таниулахад оршдог байна. Монгол орны өнцөг булан бүрээс Хөдөлмөрийн баатруудаа урин залж, тэдний амжилт, амжилтанд хүрсэн түүх, үнэтэй сургамжийг авч үлдэх алтан боломж нь энэ уулзалт юм.


Анх 1956 онд энэ цолыг бий болгосноос хойш 466 хүн Хөдөлмөрийн баатар болжээ. Одоо Монгол Улсад ахмад болон залуу үеийн 138 Хөдөлмөрийн баатар цолтон байдаг. 


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч, “Хөдөлмөрийн баатруудын холбоо"-ны тэргүүн Р.Батнасан:

-Хөдөлмөрийн баатруудын холбоо 2009 онд байгуулагдаж, 2010 оноос эхлэн Хөдөлмөрийн баатруудаа урьж хүндэтгэж уулздаг болсон юм. Энэ бол ахмад болон залуу үеийн залгамж чанарыг бий болгох, ялангуяа улс орныхоо ид бүтээн байгуулалтын үед халуун залуу нас, хөлс хүчээ зориулан зүтгэж явсан жинхэнэ хөдөлмөрч ахмад баатруудаа залуу баатруудтайгаа холбох сайхан ажил байдаг. Энэ мундаг хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах, туршлага мэдлэгийг нь сурч, мэдэж үлдэх нь туйлын чухал. Ахмад залуу үеийн хөдөлмөрийн баатрууд аль аль нь биесээсээ харилцан сурах юм их бий. Ингэхийн тулд уулзах ярилцах боломжийг нь нээж өгдөг "Женко" групп, ТВ-9 телевиз зэрэг байгууллага байгаад талархаж явдаг.

Би дэлхийн 40 гаруй орны 130 гаруй хотод Монголынхоо төрийн далбаатай онгоц буулгасан нисгэгч хүн. Монгол шиг гайхамшигтай сайхан ус агаар, уул нуруутай газар орон байдаггүй. Ийм сайхан нутагт төрсөн болохоор монголчууд шиг оюуны чадамжтай ард түмэн ховор. Тэдний дундаас түүчээ болж гарч ирсэн баатрууддаа хүндэтгэл илэрхийлнэ гэдэг бол нэр төрийн хэрэг шүү.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Увс аймгийн Тэс сумын малчин  Б.Раваг:

-Ийм олон баатруудын дунд урьд өмнө нь сууж үзсэнгүй. Маш гоё цэнгүүнд анх удаагаа оролцож байна. Би 1989 онд Хөдөлмөрийн баатар цолны болзлыг биелүүлсэн ч нийгмийн өөрчлөлтийн үе таарч тэгсгээд замхарсан байсан юм. Харин төр засаг хүнээ мартдаггүй юм байна. 2023 онд Ерөнхийлөгч надад цол хүртээх тухай мэдээ сонсоод ёстой л магнай хагартал баярлаж баяссан даа. Одоо би 82 настай. Миний хийж чадах зүйл бол, залуу малчдад мал маллагааны арга туршлагаасаа зааж, өөрийн мэдэж сурсан бүхнээ өвлүүлж үлдээхийн төлөө уйгагүй зүтгэх явдал. Ингэж л өөртөө үүрэг өгч явна даа.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ:

-Жилдээ нэг удаа Хөдөлмөрийн баатрууд хуран цуглардаг энэ сайхан уулзалтад анх удаа оролцож байна. Салбар салбартаа баатар болсон олон мундаг хүмүүсийн үг сургаалыг сонсох боломж олддог маш сайхан уулзалт байна. Гавьяатай буурлуудаа залуу үеийнхэнтэй нь уулзуулж, чаддаг эрдмийг нь хойч ирээдүйд үлдээхэд тустай ийм ажлыг санаачилж зохион байгуулдаг нь сайхан юм. Монголчууд ахмадаа хүндэтгэх, тэднийхээ туршлагаас суралцах, захиасыг нь өөртөө шингээн сонсохыг эрхэмлэдэг хүмүүс л дээ.


Хөдөлмөрийн баатрууд чуулдаг уламжлалт энэ баяр, цэнгүүнийг өнөө жил олон компани, үндэсний үйлдвэрлэгчид ивээн тэтгэж оролцсон нь  цар хүрээгээ улам тэлж буйг илтгэж байв. Тухайлбал, “Макс” групп алтан ивээн тэтгэгчээр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн “Империал Кастел” компанийн захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбаяр, “Женко” групп “Талх Чихэр” хувьцаат компани, “Мах импекс” хувьцаат компани, “Сүү” хувьцаат компани мөнгөн ивээн тэтгэгчээр, “АПУ” хувьцаат компани, “Моносфүүдс”, “МСЅ сосa cola”, “Витафит”, “Голден Говь” компаниуд дэмжигч байгууллагаар ажиллав.








ТВ-9 телевизийн Гүйцэтгэх захирал Б.Баяртулга, "Үе үеийн Хөдөлмөрийн баатруудынхаа алтан сургаалыг залуу үеийн баатрууд нь сонсдог энэ уулзалтыг Хөдөлмөрийн баатруудын холбоо, ТВ-9 телевизээс хамтдаа санаачилснаас хойш 14 жил болж байна. Бүхий л салбараас төрөн гарсан хөдөлмөрч баатруудын яриа, үүх түүхийг манай телевиз дэлгэцэнд мөнхлөн үлдээхийг зорьдог" гэсэн юм. 

Мөн "Талх Чихэр" ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Баттөр, "Аливаа зүйлийг хамгийн сайнаар хийж бүтээж чадвал бусдад сайнаар нөлөөлж, үлгэр дууриал болж байдаг. Энэ олон Хөдөлмөрийн баатрууд яг л тийм үлгэр дуурайллыг үзүүлж ирсэн хүмүүс. Тэд чухам юугаараа бусдаасаа илүү байв, хэрхэн манлайлж байв гэдгийг нь одоо үеийнхэнд мэдүүлж ойлгуулахыг хичээж энэ уулзалт цэнгүүнийг зохион байгуулж ирсэн юм" гэлээ. 


 

 


Холбоотой мэдээ