Хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркыг 2019 онд ашиглалтад оруулснаар гурван аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж, найман аж ахуйн нэгжийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80-90 хувьтай үргэлжлэн, 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгөөд байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ онд багтаан эхлүүлэхийн тулд цэвэрлэх байгууламж, ариутгах татуургыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай байгаа аж.
Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн 50 га
талбайд хөнгөн үйлдвэрлэл, 60 га талбайд хүнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ.
Нэг аж ахуйн нэгж үйлдвэр, цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Тухайн
аж ахуйн нэгж станцын барилгын ажил эхэлмэгц 20 мВт хүчин чадлыг нийслэлийн төвийн эрчим хүчинд нийлүүлэх
саналтай байгаа. Үүний тулд эрчим хүч дамжуулах 4.7 км шугамын төсвийг шийдүүлэх
хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар “Үйлдвэр,
технологийн паркийн тухай хууль батлагдсан. Хуулийн гол агуулга нь төрөөс үйлдвэр, технологийн паркийн газар, дэд бүтцийг шийдэж, татварын
таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Тиймээс өнгөрсөн онд Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркийн эрчим хүч, усан хангамжийг шийдсэн. Цаашид цэвэрлэх байгууламж,
ариутгах татуургыг шийднэ. Мөн
Багахангай дүүргийн аж үйлдвэрийн паркаас Улаанбаатар хотод нийлүүлэх эрчим
хүчийг холбох агаарын шугамын төсвийг нийслэлээс шийднэ” гэв.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн төсөл нь
Сонгинохайрхан дүүргийн 32, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт
539 га газрыг хамрах бөгөөд хөнгөн үйлдвэрлэл, худалдааны төв, газар тариалан,
тээвэр логистик, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв,
ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх юм. Тус паркийн хамгаалалтын бүсийн бүтээн
байгуулалт бүрэн дуусаж, бизнес
инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж
байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар, “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Энд хөрс, усны бохирдол ихээр үүссэн талаар гомдол санал 11-11 төвд их ирдэг. Тиймд тухайн үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлж, дан ганц арьс ширний үйлдвэр бус хөдөө аж ахуйн кластер хөгжүүлэхээр зорьж байна. Эмээлт орчимд мал нядалгааг үйлдвэрийн аргаар бус гар аргаар хийдгээс арьс шир үнэгүйдэж, дахин ашиглаж боломжгүй болж байгааг цэгцлэхэд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төсөл ач холбогдолтой” хэмээсэн юм.